Сэргээгдэх эрчим хүч бол хэзээ ч шавхагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах нөөц бололцоо юм.
Салхиар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь салхи буюу агаарын урсгалын кинетик энергийг цахилгаан энерги болгон хувиргаж буй үйл явц юм. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг бол салхины эрчим хүч бөгөөд 2019 он хүртэл дэлхий даяар 653.9 ГВт суурилагдсанаас Ази тив жилийн нийт суурилагдсан хүчин чадлаараа тэргүүлж байна.
Салхин эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээгээр Хятад, Америк, Герман зэрэг орнууд дэлхийд тэргүүлж байна. Өнөөгийн техникийн бололцоогоор салхинаас эрчим хүч үйлдвэрлэх нөөц нь одоогийн дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлээс 5 дахин их, харин цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин ихийг гаргах боломж байгаа юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчины бохирдол, эрчим хүчний аюулгүй байдал, засгийн газрын зүгээс явуулж буй дэмжлэг, салхин станц барих өртөгийн бууралт зэрэг дээрхи хүчин зүйлүүдээс шалтгаалж салхин эрчим хүч нь дэлхий дахины эрчим хүчний хэрэгцээг хангах тал дээр уламжлалт эх үүсвэрүүдийг орлох гол үүргийг хүлээхээр байна.
Салхинаас эрчим хүч гарган авах механизм
Нар бол салхины эх үүсвэр. Нарны дулаан нь агаарыг жигд бус халааснаас үүдэн, агаарын зарим хэсэг нь халуун, зарим нь хүйтэн болдог. Ингэснээр халуун агаар нь хөнгөн учраас дээшээ хөөрч, хүйтэн агаар хүнд тул халуун агаарын байсан зайг нөхдөг. Агаарын энэхүү шилжилт хөдөлгөөнөөс салхи үүсдэг байна.
Салхин хөдөлгүүр нь салхинд байх кинетик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. Салхи үлээхэд турбины далбааг эргүүлдэг. Агаарын урсгал сэнсний далбааг эргүүлдэг. Далбааны эргэлт нь генераторын голыг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэдэг. Салхин паркад олон тооны салхин цахилгаан станцыг суурилуулснаар их хэмжээний цахилгаан гарган авах боломжтой олдог.
Салхины эрчим хүчний ашиг тус
• Салхи нь байгалийн шавхагдашгүй үнэгүй нөөц баялаг юм.
• Салхины энерги нь хаягдал гаргадаггүй байгальд ээлтэй. Салхин цахилгаан станц нь байгаль орчиныг бохирдуулагч элдэв бодис, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийнүүдийг ялгаруулдаггүй.
• Суурилагдсаны дараагаар салхин станц нь зардалын хувьд маш хэмнэлттэй. Бусад уламжлалт цахилгаан станцуудтай харьцуулахад ашиглалтын зардал бага.
• Салхин цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэх өндөр бүтээмжтэй.
• Салхины энерги нь нүүрс, газрын тосноос ялгаатай нь инфляцид өртдөггүй.
• Салхины энерги нь улс орны нүүрсний хараат байдлыг бууруулна.
• Салхин парк баригдсан газрыг бэлчээрийн, хөдөө аж ахуйн болон өөр бусад зорилгоор ашиглах бүрэн боломжтой.